

Хөтөл ҮТП
“Хөтөл” ҮТП-ийг барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор, кластер хэлбэрээр хөгжүүлж төр ба хувийн хэвшлийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдах дагаж хөгжих шат шатны үйлдвэрүүд, дотоодын болон олон улсын хэрэглээг стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хангана.

ХӨТӨЛ ҮТП “БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР”
ҮНДЭСЛЭЛ, АЧ ХОЛБОГДОЛ
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын Хараа 2050” Зорилт 4.2-т Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно гэж тусгасан ба энэ хүрээнд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлсэн байна” мөн II үе шатыг (2031-2040) “Хүнд, хөнгөн болон эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэлийн хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх шатанд шилжих үе” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлт хэсэгт “3.2.Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ” гэж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ийн 3.4.14-т “Сэлэнгэ аймагт металл бус эрдэс бодисоор хийсэн бүтээгдэхүүний үйлдвэр, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ” гэж, Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.5-д “Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна” гэж тус тус заасан.
Иймд дээрх Монгол Улсын хөгжлийн урт, дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдэд туссан зорилтууд болоод Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэнэс Монгол ХХК-ийн зүгээс Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон сумдын нутагт Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор үйлдвэрүүдийг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар хөгжүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улсын барилгын салбарын нийт өртгийн 60-70 гаруй хувийг импортын бараа материал эзэлдэг бөгөөд орон сууц, инженерийн (цахилгаан, халаалт, салхивч) бүтээгдэхүүний импортын хамаарал 75%, засал чимэглэл, төрөл бүрийн гадна, дотор өнгөлгөөний материалуудын импортын хамаарал 80-90%, хүнд бүтэц, үндсэн барилгын суурь материалын импортын хамаарал 40% хүртэл байна. 2023 оны статистик дүнгээр барилгын материалын нийт импортын хэмжээ 1.05 тэрбум ам.доллар байсан нь гадаад худалдааны тэнцэл, вальютын ханшны өсөлтөд нөлөө үзүүлж буй юм. Иймд барилгын хүнд бүтээц, түүхий эд, гадна дотор өнгөлгөөний материал, дулаалгын материал гэх мэт түүхий эд, ашигт малтмалаа ашиглан үйлдвэрлэх боломжтой барилгын салбарын бүтээгдэхүүнүүдийг Хөтөл ҮТП-ий хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай юм. Ингэснээр импортын хэмжээг бууруулах дотоодод үйлдвэрлэсэн хямд бүтээгдэхүүнээр барилгын салбарыг хангах, бүтээн байгуулалтын өртгийг бууруулах боломж бүрдэнэ.
ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ
“Хөтөл” ҮТП-ийг барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор, кластер хэлбэрээр хөгжүүлж төр ба хувийн хэвшлийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдах дагаж хөгжих шат шатны үйлдвэрүүд, дотоодын болон олон улсын хэрэглээг стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хангана. ҮТПарк нь жилд 1.95 сая тн шохойн чулуу ашиглаж, цемент 480.0 мянган тн, зөөврийн бетон зуурмаг 595.0 мянган тн, бетон хийц эдлэл 470.0 мянган тн, хөнгөн бетон 300.0 мянган тн, шохой 100.0 мянган тн, идэвхжүүлсэн кальцийн карбонат 102.0 мянган тн, нано кальцийн карбонат 198.0 мянган тн, гидратын шохой 100.0 мянган тн эцсийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэн томоохон үйлдвэр, бүтээн байгуулалтын төслүүдэд нийлүүлнэ. Уг төсөлд “Хөтөл” ҮТП-ийг 2025 – 2028 онуудад байгуулахаар төлөвлөсөн ба одоогийн байдлаар 7 үйлдвэрийг байгуулахаар тооцсон. Нийт 162.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд парк бүрэн ажилласнаар жилд 557.4 сая ам.долларын борлуулалт хийгдэж, хөрөнгө оруулалтаа 3 жилд нөхөхөөр тооцож байна. Эрдэнэс Монгол ХХК-ийн хувьд тус ҮТП-д 50 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтын оруулж шохойн үйлдвэр, дэд бүтэц, цементийн үйлдвэрийн шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлнэ.
Паркийн үндсэн үйлдвэрийн бүтээгдэхүүн төрөл бүрийн шохой, цемент, бетон зуурмаг зэрэг нь уул уурхай, барилгын салбарын гол түүхий эд болохын зэрэгцээ импортоос хамааралгүй цэвэр үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн байх учир нийгэм эдийн засагт чухал ач холбогдолтой байна.
ҮТП-ийн зориулалтаар 145.9 га талбайг Сайхан болон Орхон сумын нутагт сонгож улсын тусгай хэрэгцээнд авахуулах хүсэлтэй 2024 оны 11 сард Засгийн Газарт хүргүүлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2025 оны 04-р сарын 10-ний өдрийн хуралдаанаар дэмжсэн шийдвэр гаргасан. Одоогоор Засгийн газрын хуралдаанаар газрыг тусгай хэрэгцээнд авах асуудал хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.
ХҮРЭХ ҮР ДҮН
Төсөл хэрэгжсэнээр нийгэмд гүйцэтгэх үр дүнг МУ-ын нийгэм, эдийн засгийн 2035 оны төсөөлөлтэй харьцуулан үзсэн бөгөөд “Хөтөл” ҮТП байгуулагдсанаар бодит дотоодын нийт бүтээгдэхүүн 232.7 их наяд төгрөг буюу 1.6 нэгж хувиар, экспортын хэмжээ 19.25 тэрбум ам.доллар буюу 1.6 нэгж хувиар тус тус өснө гэж тооцоолсон байна.
Нийт хөрөнгө оруулалт | 162 сая $ |
Жилийн борлуулалтын орлого | 557.4 сая $ |
Жилийн ашиг | 100.3 сая $ |
Жилд төл өх татвар | 167.2 сая $ |
Шинээр бий болох шууд/шууд бус ажлын байр | 1317/3300 |
Монгол Улсын ДНБ /өсөлт/ | 1.6% |
Экспорт /өсөлт/ | 1.6% |
Төсвийн орлого /өсөлт / | 1.2% |
Ядуурлын түвшин /буурна/ | 0.4 пункт |
Нэг хүнд ногдох ДНБ /өсөлт / | 1.5% |
Хүний хөгжлийн индекс /өсөлт / | 0.6% |
Сэлэнгэ аймгийн 2050 оны нийгэм, эдийн засгийн байдалд “Хөтөл” ҮТП төсөл хэрэгжсэнээр нөлөөлөх нөлөөллийг товч дурдвал ДНБ-ийн хэмжээг 4.95 их наяд төгрөг буюу 59.4 хувиар өсгөж, ядуурлын түвшнийг 22.76 буюу 11.1 пунктээр буулгах тооцоолол хийгдсэн.
ҮНДСЭН ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ
Хөтөл ҮТП-ийн хувьд Эрдэнэс Монгол ХХК-с хэрэгжүүлэх үндсэн үйлдвэрийн төсөл нь 100 мян.тн шохой үйлдвэрлэх хүчин чадал бүхий шохойн үйлдвэрийн төсөл бөгөөд энэхүү төслийг 2023 оноос санаачилан хэрэгжүүлж байна. Цемент Шохой ХХК-ийн одоогийн шохойн үйлдвэр нь олон жилийн элэгдэлд орсон, тоног төхөөрөмжүүд хуучирсан тул өртөг зардал өндөр, бүтээгдэхүүн нь чанар, стандартын шаардлага хангахгүй болсон. Иймд Эрдэнэс Монгол ХХК-с хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн 2025 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Тус үйлдвэр ашиглалтад орсоноор Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн баяжуулах үйлдвэрт шаардлагатай шохойн хэрэглээг 100% хангаж цаашид чанарын доголдол үүсэхгүй, орон нутагт үзүүлдэг агаарын чанарын сөрөг нөлөө арилах, үйлдвэрийн өрсөлдөх чадвар нэмэгдэх, болоод Цемент Шохой ХХК-ийн үйл ажиллагааний үзүүлэлтүүд сайжрах олон давуу талуудыг бий болгоно. Мөн түүнчлэн үйлдвэрлэсэн шохойноос дараагийн шатны үнэ цэн бүхий бүтээгдэхүүнүүд болох идвэхжүүлсэн кальцийн карбонат, гидратын шохой зэргийг үйлдвэрлэх боломж бүрдэнэ.
Тус үйлдвэрийн хөрөнгө оруулалт 57.9 тэрбум төгрөг бөгөөд 2026 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ
ҮТП-ийн нийт хөрөнгө оруулалт болох 162 сая ам.долларын 31% буюу 50.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Эрдэнэс Монгол ХХК шийдвэрлэх бөгөөд дэд бүтэц, үндсэн үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд хувийн хэвшилийн хөрөнгө оруулалтаар ҮТП-ийн үлдсэн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ.
Төслийн явц, хэрэгжилт
2023- Шохойн үйлдвэрийн ТЭЗҮ батлагдсан
2023- Шохойн үйлдвэрийн БОННҮ батлагдсан
2024- ҮТП-ийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан.
2024- Сэлэнгэ аймгийн ИТХ-р ҮТП байгуулахыг дэмжсэн
2024- Байршил тодорхойлж, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг ЗГ-т гаргасан.
2025- Шохойн үйлдвэрийн ТТҮ батлагдсан,
2025- Хөгжлийн төлөвлөгөөг АҮЭБЯ-ны мэргэжлийн зөвлөлөлөөр батлуулсан.
2025- Аймгийн ИТХ-р газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжсэн
2025- Шохойн үйлдвэрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ажлыг эхлүүлэв.
2025- Цементийн үйлдвэрийн шинэчлэлийн ТЭЗҮ боловсруулж эхлэв.
Одоогийн байдлаар ҮТП-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах нөхцөл шаардлагыг бүрэн хангасан, тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд 2025 оны 3-р улиралд тусгай зөвшөөрлийг ЗГ-с авах хүлээлттэй байна. Мөн түүнчлэн паркийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлт Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байна. Ингэснээр цаашид дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлт, зураг төсөл хийх, бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
ТОО БАРИМТ
162
Хөрөнгө Оруулалт
10
Үндсэн Үйлдвэрлэлийн Бүтээгдэхүүн
1317
Ажлын Байр
Зургийн цомог

