top of page
Iron Working Tools

Эрдэнэт ҮТП

Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сумдын нутагт металлурги, химийн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр "Эрдэнэт" үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, катодын зэс, элементийн хүхэр, үнэт металл, зэс бүтээгдэхүүн боловсруулах цогцолбор үйлдвэрүүдийг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар хөгжүүлэхээр ажиллаж байна.

ree

ЭРДЭНЭТ ҮТП - “ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР”  

 

ҮНДЭСЛЭЛ, АЧ ХОЛБОГДОЛ 

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын Хараа 2050” Зорилт 4.2-т Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно гэж тусгасан ба энэ хүрээнд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлсэн байна” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн 3.2.Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ” гэж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ийн  3.3.6-д “Орхон аймагт зэс боловсруулах, металлурги-химийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл технологийн парк байгуулна ” гэж, Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн жагсаалтанд “Зэс боловсруулах цогцолборыг ашиглалтанд оруулах” 

Иймд дээрх Монгол Улсын хөгжлийн урт, дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдэд туссан зорилтууд болоод Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэнэс Монгол ХХК-ийн зүгээс Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сумдын нутагт металлурги, химийн үйлдвэрлэл,  эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр "Эрдэнэт" үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, катодын зэс, элементийн хүхэр, үнэт металл, зэс бүтээгдэхүүн боловсруулах цогцолбор үйлдвэрүүдийг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар хөгжүүлэхээр ажиллаж байна. 

Монгол улс нь нийт 46 зэсийн ордын батлагдсан 50 сая.тн орчим зэсийн нөөцтэй байна. Энэхүү нөөцийн үзүүлэлтээр Монгол улсан зэсийн нөөцөөр дэлхийд 7-р байрт ордог бөгөөд дэлхийд томоохон тоглогч боломжтой гэж үздэг. Гэвч зэс боловсруулах үйлдвэр байхгүй улмаас баяжмал хэлбэрээр Хятад улсад  жил бүр ойролцоогоор 1.5 сая тн- ыг экспортолж байна.  

 Зэс боловсруулах цогцолбор-Эрдэнэт ҮТП нь зэсийн баяжмалыг боловсруулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм.   Тус Эрдэнэт ҮТП-д хэрэгжих боломжтой шинэ үйлдвэрүүд ашиглалтанд орсноор эдийн засгийн хувьд ач холбогдолтойгоос гадна ажлын байр нэмэгдэж , гадаад дотоодын томоохон хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, урт хугацаанд үйл ажиллагаа эрхлэх боломжийг бүрдүүлж, ЖДҮ хөгжүүлэх хөтөлбөрүүдийн бодит хэрэгжилтийг хангах суурь нөхцөлийг бий болгоно.  

Зэс боловсруулах үйлдвэр байгуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэх 560.0 мян.тн зэсийн баяжмалыг боловсруулж 125.0 мян.тн катодын зэс, 72 кг алт, 38.2 тн мөнгөн гулдмай болон 182 мян.тн элементийн хүхэр үйлдвэрлэж 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлогыг бүрдүүлж улс, орон нутгийн төсөвт 27 сая ам.долларын татварын орлого бүрдүүлнэ. Боловсруулах үйлдвэрээс гарах үнэт металлыг Монголбанканд тушааж, бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн дараагийн шатны боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлнэ.    

Зэс боловсруулах цогцолборт катодын зэс боловсруулах үйлдвэр, кабель утасны үйлдвэр, зэс нано нунтгийн үйлдвэр, элементийн хүхрийн үйлдвэр зэрэг дагаж хөгжих боломж үйлдвэрүүдийг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар хөгжүүлэхээр ажиллаж байна. 


ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ 

Эрдэнэт ҮТП-г Орхон аймгийн Баян-өндөр сумын нутагт орших  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмал үйлдвэрлэх “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн байгуулна. Засгийн газрын 2022 оны 171 дүгээр тогтоолоор 1217 га газрыг үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан, үүнээс 220 га талбайд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр баригдаж, бусад талбайд дагаж хөгжих боловсруулах үйлдвэрүүдийг хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан байгуулна.   

Тус байршилд авто зам, төмөр замын сүлжээ сайн хөгжсөн, ус, дулааны хангамж хүрэлцээтэй, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай.  


ХҮРЭХ ҮР ДҮН 

ҮТП-ийг 2024-2028 оны хооронд бүтээн байгуулж хөгжлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын болон Хойд бүс,  аймгийн нийгэм, эдийн засагт маш том нөлөөллийг бий болгоно.  

Нийт хөрөнгө оруулалт 

1,142.5 сая $ 

Жилийн борлуулалтын орлого 

1,315.6 сая $ 

Жилийн ашиг 

91.4 сая $ 

Жилд төлөх татвар 

42.6 сая $ 

Шинээр бий болох шууд/шууд бус ажлын байр 

1298/3250 

Монгол Улсын ДНБ /өсөлт/ 

6.1% 

Экспорт  /өсөлт/ 

8.1% 

Төсвийн орлого /өсөлт / 

4.7% 

Ядуурлын түвшин /буурна/ 

2.4 пункт 

Нэг хүнд ногдох ДНБ /өсөлт / 

6.0 % 

Хүний хөгжлийн индекс /өсөлт / 

0.6% 

 

ҮНДСЭН ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ 

Эрдэнэт ҮТП-ийн үндсэн үйлдвэр нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бөгөөд Засгийн газрын 2021 оны 129 дүгээр тогтоолоор паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болон паркийн суурь үйлдвэр болох Зэс боловсруулах үйлдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.  

Одоогоор дэд бүтцийн хөрөнгө оруулалтад нийт 68 сая.ам долларыг зарцуулсан бөгөөд төмөр зам, авто зам, арутгал татуургын систем, усан хангамж зэрэг дэд бүтцийн ажил 90% орчим хийгдсэн байна. 

Эрдэнэтийн овоо орд нь 10.7 сая тн зэс, 499.0 мян.тн молибден бүхий 2.9 тэрбум тн хүдрийн нөөцтэй ба уг ордоос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жилд 40.0 сая тн хүдэр олборлож, 560.0 мян.тн зэсийн баяжмал, 6.0 мян.тн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.   

Олборлолтын хугацаанд уурхайн гүн нэмэгдэн хүдрийн хатуулаг ихсэж, хүдэр дахь зэсийн дундаж агуулга 0.8-аас 0.38 хувь хүртэл буурснаас шалтгаалан 21 хувиас багагүй зэсийн агуулгатай экспортын шаардлага хангасан баяжмал үйлдвэрлэхэд зардал нэмэгдэж, металл авалт болон үйлдвэрийн ашиг буурч байна. Дээрх хүндрэлийг арилгаж ордын бага агуулгатай зэсийн хүдрийн нөөцийг бүрэн ашиглах, уурхайн насжилтыг уртасгах зорилгоор 15-20 хувийн бага агуулгатай баяжмал боловсруулах SKS технологи бүхий зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг барихаар БНХАУ-ын ENFI хүрээлэнгээр ТЭЗҮ зураг төслийг хийлгүүлсэн.  


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ 

Эрдэнэт ҮТП-ийн нийт хөрөнгө оруулалт 1.1 тэрбум ам.доллар бөгөөд үүний 772 сая ам.доллар нь Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт юм. ҮТП-ийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт болох 68 сая ам.долларыг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ нь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа бөгөөд цаашид зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын 10%-ийг Эрдэнэс Монгол ХХК болон Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ санхүүжүүлж үлдэгдэл 90%-ийн хөрөнгө оруулалтыг гадаадын банк санхүүгийн байгууллага болоод хөрөнгө оруулагч нараас татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. ҮТП-ийн бусад үйлдвэрийн тухайд хувийн хэвшилийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бөгөөд ҮТП-ийн хувьд түүхий эд, дэд бүтцээр ханган ажиллана.   

Төслийн явц, хэрэгжилт 

  • 2021- ҮТП-ийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан 

  • 2022- Зэс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ батлагдсан  

  • 2022- Зэс боловсруулах үйлдвэрийн БОННҮ батлагдсан  

  • 2023- Дэд бүтцийн байгууламжуудын зураг төсөл боловсруулсан  

  • 2023- Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн  

  • 2024- Элементийн хүхэр боловсруулах туршилт хийгдсэн 

  • 2024- Зэс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ тодотгол боловсруулсан  

  • 2024- Эрдэнэт ҮТП- ийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан   

  • 2024- Аймгийн ИТХ-р ҮТП байгуулахыг дэмжсэн 

  • 2024- Зэс боловсруулах үйлдвэрийн ТТТҮ-г боловсруулсан  

  • 2024- Кабель утас үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан  

  • 2025- Эрдэнэт ҮТП-ийн ерөнхий төлөвлөлтийн ажил хийгдэж байна.  

  • 2025- Зэс хайлуулах үйлдвэрийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын даалгавар боловсруулсан  

  • 2025- Зэс боловсруулах цогцолбор ХХК-г Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсан 

Эрдэнэт ҮТП-ийн төсөл 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд судалгааны ажлууд бүрэн дуусаж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Одоогоор цахилгаан хангамжийг шийдвэрлэх дэд станцын ажил 2025 онд эхэлж буй бөгөөд 2026 онд дэд бүтцийн ажил бүрэн дуусна. ҮТП-ийн тусгай зөвшөөрөл авах нөхцөл, шаардлага 90%-тай биелэсэн ба Зэс баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тодотгол, ТТҮ болон ҮТП-ийн хөгжлийн төлөвлөгөө батлагдахаар хүлээгдэж байна. Эдгээр бичиг баримтууд батлагдсанаар 2025 оны 3-р улиралд тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг АҮЭБЯ-д хүргүүлэхээр төлөвлөж байна.


ТОО БАРИМТ

914.06

Хөрөнгө Оруулалт

12

Үндсэн Үйлдвэрлэлийн Бүтээгдэхүүн

1298

Ажлын Байр

Зургийн цомог

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Алтай бьюлдинг, 4 давхар

Холбоо барих

+976-7588-3399

Info@erdenesitp.mn

Дагах

  • Facebook
  • Youtube
  • X
  • Linkedin

© 2035 by Erdenes ITP Powered and secured by Wix

bottom of page