top of page
Iron Working Tools

Дархан ҮТП

Дархан ҮТП-д төмрийн хүдрээс ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх Төмрийн нойтон баяжуулах үйлдвэр, хорголж, аргалжийн үйлдвэр, цувих, цутгах цех бүхий ган хайлах үйлдвэр байгуулагдана.Да аны Төмөрлөгийн Үйлдвэр ТӨҮГ-ийн эзэмшил бүхий Төмөртэй болон бусад ордуудаас хангана. 


ДАРХАН ҮТП “ЭРДЭНЭС ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР”  


ҮНДЭСЛЭЛ, АЧ ХОЛБОГДОЛ 

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын Хараа 2050” Зорилт 4.2-т Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно гэж тусгасан ба энэ хүрээнд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлсэн байна” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлт хэсэгт “3.2.Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ” гэж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ийн 3.4.13-т “Дархан-Сэлэнгийн бүсэд металл боловсруулах болон металл бүтээгдэхүүний үйлдвэр, дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулна” гэж, Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 МЕГА төслийн 11-т “Гангийн цогцолборыг ашиглалтад оруулна.” гэж 3.3.1.5-д “Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах Ган үйлдвэрлэлийн цогцолбор үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна” гэж тус тус заасан. 

Иймд дээрх Монгол Улсын хөгжлийн урт, дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдэд туссан зорилтууд болоод Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэнэс Монгол ХХК-ийн зүгээс Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт 1 сая. тн хүчин чадал бүхий Ган үйлдвэрлэлийн цогцолбор үйлдвэрүүдийг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар хөгжүүлэхээр ажиллаж байна. 

Дэлхийн үйлдвэрлэлийн хөгжлийн түүхээс харахад гангийн үйлдвэрлэл нь хүчирхэг эдийн засгийн үндэс суурь болсон байдаг. Хүнд үйлдвэрлэлийн салбарыг дотор нь материалын үйлдвэрлэл болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл гэж 2 үндсэн хэсэгт ангилдаг бөгөөд гангийн үйлдвэрлэл бол материалын үйлдвэрлэлийн нэгэн томоохон хэсэг юм. Манай улсын хувьд төмөрлөгийн үйлдвэрлэлийн дөнгөж анхан шатны боловсруулалтын түвшинд оршиж байна. Өөрөөр хэлбэл төмрийн хүдрийг хуурай аргаар зонхилон боловсруулж 100% экспортолж байна.  Үе үеийн засгийн газрууд уул уурхайн бүтээгдэхүүнийг илүү их өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгон дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх болон нэгж бүтээгдэхүүний эдийн засагт үзүүлэх нөлөөллийг ахиулах зорилт тавьсаар ирсэн боловч өнөөг хүртэл энэ зорилтыг хангах бодлогыг бүрэн гүйцэт хэрэгжүүлж чадаагүй байгаа билээ. 

Ган үйлдвэрлэлийн цогцолбор нь материалын үйлдвэрлэлийн тэр ч бүү хэл улс орны  үйлдвэржилтийн суурь болдог бөгөөд энэ зорилгыг хангах үүднээс гангийн цогцолбор байгуулах ажил нь Монгол улсын эдийн засагт онцгой чухал хувь нэмэр оруулна. Тухайлбал 1 тн төмрийн хүдрийг экспортод гаргахад хил нөхцөлөөр 70 ам долларын орлого олдог бол 1 тн гангийн бүтээгдэхүүнийг 500-1000 ам долларын хооронд экспортод гаргах болон дотоодын зах зээлд нийлүүлэх боломжтой юм. Гангийн үйлдвэрлэлийн эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс шууд бус нөлөөлөл нь ойролцоогоор 2 дахин их байдаг нь ганг хэрэглэдэггүй эдийн засгийн салбар байдаггүйд оршино.  

2024 оны байдлаар Монгол Улс барилгын салбарт жил бүр 500 мянга орчим тн арматур импортоор авч байгаа нь даруй 300 сая ам.долларыг зөвхөн арматурт зарцуулж буйг илтгэж байна. Манай улсын хувьд ган үйлдвэрлэлийн салбарт ашигладаг түүхий эд материалууд бүгд байдаг бөгөөд Дархан Сэлэнгийн бүс нутаг дахь төмрийн хүдрийн батлагдсан нөөц нь 500 сая.тн, таамаглаж буй нөөц нь тэрбум тн хүрнэ гэж үздэг. Эрдэнэс Ган үйлдвэрлэлийн цогцолбор ашиглалтад орсноор дотооддоо арматур болон бусад ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглээг 100% хангах боломжтой болох бөгөөд барилгын өртгийг 10-20 хүртэлх хувиар бууруулах боломж бүрдэнэ.  


ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ 

Дархан ҮТП-д төмрийн хүдрээс ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх Төмрийн нойтон баяжуулах үйлдвэр, хорголж, аргалжийн үйлдвэр, цувих, цутгах цех бүхий ган хайлах үйлдвэр байгуулагдана. Гангийн цогцолбор ашиглалтад орсноор эхний ээлжид 500 мянган.тн арматур, 100 мянган.тн тээрмийн ган бутлуурын бэлдэц, 400 мянган.тн сайжруулсан гангийн бэлдэц  үйлдвэрлэх схемийг боловсруулаад байна. Үүнээс 600 мянган.тн гангийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд, 400 мянган.тн гангийн бүтээгдэхүүнийг экспортлох төлөвлөлтийг хийгээд байна.   

Эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд жилдээ 3.8 сая.тн төмрийн хүдэр ашиглах бөгөөд уг хүдрийн Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨҮГ-ийн эзэмшил бүхий Төмөртэй болон бусад ордуудаас хангана.  

Гангийн цогцолборыг барьж байгуулах байршлын хувьд хамгийн тохиромжтой газар нь Дархан-Уул аймаг юм. Үйлдвэрлэлийн байршлыг сонгоход хамгийн чухал үзүүлэлтийн нэг бол төмрийн хүдрийг алсад тээвэрлэхгүй байх явдал бөгөөд эдийн засаг нийгмийн маш олон үзүүлэлтийг шалгуур болгох хэрэгтэй юм. Үүний дагуу Дархан Сэлэнгийн бүс нутагт нийт 11 байршилд судалгаа явуулж, эцсийн сонголтыг Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт Энхтал зөрлөгийн ойролцоо хагас км зайд сонгосон болно. Энхтал зөрлөгийн ойролцоо нийт 6000 орчим га газарт инженер геологийн урьдчилсан судалгаа явуулсны үр дүнд гангийн цогцолбор барьж байгуулахад тохиромжтой 657.8 га газрыг тусгайлан сонгож зохих шатны мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэн улсын тусгай хэрэгцээнд авах нөхцөлийг хангаад байна.   

Өнөөгийн байдлаар Монгол улсын нэг хүнд ногдож буй гангийн бүтээгдэхүүн 150 кг байгаа бөгөөд 2038 онд нэг хүнд ногдох гангийн бүтээгдэхүүн ойролцоогоор дэлхийн дундаж болох 230 кг-д хүрэх тооцоо бий.  


ХҮРЭХ ҮР ДҮН 

Дархан ҮТП “Эрдэнэс Ган үйлдвэрлэлийн цогцолбор”-ийн нийт хөрөнгө оруулалтыг 655 сая ам доллар гэж урьдчилан тооцож буй бөгөөд ТЭЗҮ эцэслэн боловсруулагдсанаар хөрөнгө оруулалтын хэмжээ эцэслэгдэнэ. Гангийн үйлдвэрийн нийгэм, эдийн засгийн нөлөөлөл бүхий л салбарыг хамардаг бөгөөд аж үйлдвэрийн салбар хөгжих гол суурь болдог. Монгол Улс жилдээ 900 орчим сая ам.доллароор импортын ган бүтээгдэхүүн авч ашиглаж байгаа бөгөөд энэ нь 2030 гэхэд 1.6 тэрбум ам.доллар болох төлөвтэй байна. Хэрэв Эрдэнэс Ган цогцолборыг ашиглалтад оруулсан тохиолдолд төлбөрийн тэнцэл 350-400 орчим сая ам.доллароор сайжрах бүтээн байгуулалтын өртөг буурах эерэг нөлөөллүүд бий болох юм.  

Нийт хөрөнгө оруулалт 

655.8 сая $ 

Жилийн борлуулалтын орлого 

903  сая $ 

Жилийн ашиг 

135  сая $ 

Жилд төлөх татвар 

117.3 сая $ 

Шинээр бий болох шууд/шууд бус ажлын байр 

1274/3200 

Монгол Улсын ДНБ /өсөлт/ 

4.9% 

Экспорт  /өсөлт/ 

2.3% 

Импорт /буурна/ 

4.8% 

Төсвийн орлого /өсөлт / 

3.7% 

Ядуурлын түвшин /буурна/ 

1.9 пункт 

Нэг хүнд ногдох ДНБ /өсөлт / 

4.9% 

Хүний хөгжлийн индекс /өсөлт / 

0.6% 

ҮНДСЭН ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ 

Дархан ҮТП-ийн үндсэн үйлдвэр нь Гангийн үйлдвэр бөгөөд жилдээ 1 сая.тн ган үйлдвэрлэх хүчин чадал бүхий 2 домен зуухны технологитой үйлдвэр байна. Монгол Улсын Засгийн газар 2025 оны 02-р сарын 05-ний 64-р тоот “Гангийн үйлдвэрийн төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж Дархан-Уул аймагт гангийн үйлдвэрийг байгуулах, бэлтгэл ажлыг хангахыг Эрдэнэс Монгол ХХК-д даалгасан.  

Үүний дагуу Эрдэнэс Монгол ХХК нь гангийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр Дэлхийн 10 гаруй орны 40 компанид Гангийн үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлж 11 компаниас хамтран ажиллах боломжтой талаар албан хариу ирүүлсэн байна. Мөн Эрдэнэс ҮТП ХХК нь Гангийн цогцолборын урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд дараа шатны нарийвчилсан ТЭЗҮ-ийг хөрөнгө оруулагч талтай хамтран боловсруулахаар төлөвлөж байна.  

Хөрөнгө оруулаг, стратегийн хамтрагчийг сонгосон тохиолдолд төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлэх боломжтой ба 2028 оны 4-р улиралд багтаан ашиглалтад оруулах юм. 

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ 

Нийт ҮТП-ийн хөрөнгө оруулалт болох 655 сая ам.долларыг Гангийн үйлдвэрт хамтран ажиллах гадаадын хөрөнгө оруулагчийн санхүүжилтээр хэрэгжүүлэх ба Эрдэнэс Монгол ХХК нь хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээний үр дүнд үндэслэн тодорхой хэмжээнд санхүүжүүлж оролцоно.  

Төслийн явц, хэрэгжилт 

  • 2024- Шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн ТЭЗҮ батлагдсан, 

  • 2024- ҮТП-ийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан. 

  • 2025- Засгийн газрын 64-р тогтоол батлагдсан.  

  • 2025- ЗГХЭГ-ийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдав,  

  • 2025- Байршлын судалгаа хийгдсэн 

  • 2025- Инженер-геологийн судалгаа хийгдсэн   

  • 2025- Байршил тодорхойлж, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг ЗГ-т гаргасан. 

  • 2025- Урьдчилсан ТЭЗҮ боловсруулсан  

  • 2025- Боломжит хөрөнгө оруулагч нарт санал хүргүүлсэн  

  • 2025- Төсөлд оролцох саналаа илэрхийлсэн компаниудтай албан уулзалтыг хийсэн  

2025 онд багтаан Дархан ҮТП-ийн тусгай зөвшөөрөл авах боломж, нөхцөлийг хангах ба газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулна. Ингэснээр 2026 оноос бүтээн байгуулалт эхлэх боломжтой болох юм. 



ТОО БАРИМТ

655.8

Хөрөнгө Оруулалт

11

Үндсэн Үйлдвэрлэлийн Бүтээгдэхүүн

1274

Ажлын Байр

Зургийн цомог

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Алтай бьюлдинг, 4 давхар

Холбоо барих

+976-7588-3399

Info@erdenesitp.mn

Дагах

  • Facebook
  • Youtube
  • X
  • Linkedin

© 2035 by Erdenes ITP Powered and secured by Wix

bottom of page