top of page
Iron Working Tools

Бор-Өндөр ҮТП

Бор-Өндөр ҮТП-д Эрдэнэс Критикал минералс ТӨҮГ-ийн Жоншны нөөц болон бүс нутгийн ашигт малтмалын нөөцөд тулгуурлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт 762.8 га-д Жонш, цахиур, төмрийн хүдэр боловсруулах, нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэх гэсэн 4 чиглэлийн кластерт нийт 18 үйлдвэр байгуулахаар 994 сая ам. долларын хөрөнгө оруулалт төлөвлөөд байна.


БОР-ӨНДӨР ҮТП “ЖОНШ, ЦАХИУР БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР”  

 

ҮНДЭСЛЭЛ, АЧ ХОЛБОГДОЛ 

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын Хараа 2050” Зорилт 4.2-т Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно гэж тусгасан ба энэ хүрээнд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлсэн байна” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлт хэсэгт “3.2.Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ” гэж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ийн 3.5.7-д “Зүүн бүсэд кокс, химийн бүтээгдэхүүн болон нүүрс-эрчим хүчний үйлдвэр, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ” гэж, Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.5-д “Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах Жоншны хүдэр боловсруулах цогцолбор үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна” гэж тус тус заасан.  

Иймд дээрх Монгол Улсын хөгжлийн урт, дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдэд туссан зорилтууд болоод Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэнэс Монгол ХХК-ийн зүгээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт Жонш, Цахиур боловсруулах цогцолбор үйлдвэрүүдийг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар хөгжүүлэхээр ажиллаж байна.  

Монгол Улсын тухайд жоншны нөөцөөр Дэлхийд 4-т, олборлолтын хэмжээгээр 3-т ордог бол экспортод гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд тэргүүн байранд эрэмблэгдэж байна. Гэвч Монгол улс 2024 оны гүйцэтгэлийн дүнгээр нийт 1.3 сая тн бүтээгдэхүүн гадаад зах зээлд экспортолж 318.5 сая ам.долларын орлого олсон бөгөөд үүний 80 орчим хувийг боловсруулаагүй түүхий хүдэр эзэлж буй нь чамлалттай үзүүлэлт юм. Цаашид Бор-Өндөр ҮТП-ийг байгуулснаар жонш, цахиур, төмөр гэх мэт түүхий эдийн боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж 1 тн жоншноос эдийн засагт оруулж буй үр ашгийг 3 дахин нэмэгдүүлэх боломжтой болох юм. Мөн гүн боловсруулалтын үйл ажиллагааг явуулснаар Монгол улсад химийн үйлдвэрлэлийн салбар хөгжихөд чухал алхам болно.  

 

ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ 

Бор-Өндөр ҮТП-ийг Эрдэнэс Монгол ХХК-ийн бүрэлдэхүүн компани болох Эрдэнэс Критикал минералс ТӨҮГ-ийн Жоншны нөөц болон бүс нутгийн ашигт малтмалын нөөцөд тулгуурлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт 762.8 га талбайд байгуулахаар тогтоод байна. Хэнтий аймгийн Иргэдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн тогтоол гарсан бөгөөд одоогоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байна.  

Бор-Өндөр ҮТП-д Жонш, цахиур, төмрийн хүдэр боловсруулах, нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэх гэсэн 4 чиглэлийн кластерт нийт 18 үйлдвэр байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд нийт хөрөнгө оруулалтыг 994 сая ам.доллар гэж тооцоолоод байна.  

  • Жонш -> Жоншны баяжмал  -> Фторт ус төрөгч -> Фторт хөнгөн цагаан 

  • Цахиур -> Төмөр цахиурын хайлш, Аж үйлдвэрийн цахиур, Цахиурын элс 

  • Төмрийн хүдэр -> Төмрийн баяжмал -> Хорголж  

  • Нүүрс -> Эрчим хүч, Хагас кокс 

Эдгээрээс үндсэн үйлдвэрлэлийн чиглэл нь Жонш болон Цахиурын кластер бөгөөд төмрийн хүдэр болон нүүрсний чиглэлийн үйлдвэрүүд нь ҮТП-ийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих, үндсэн жонш болон цахиурын кластеруудын түүхий эдийг бэлтгэх үүрэг бүхий дэмжих үйлдвэрүүд байна.  

ҮТП-ийн үндсэн үйлдвэр, дэд бүтцээс бусад төслүүдэд хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах бөгөөд Эрдэнэс Монгол ХХК-ийн зүгээс үндсэн үйлдвэр болох Жонш баяжуулах үйлдвэр болоод дэд бүтцийн төслүүдийн 115.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид Бор-Өндөр ҮТП нь зүүн бүсийн аж үйлдвэрийн томоохон төв болж хар, өнгөт болон ховор металлын гүн боловсруулалтыг хийх цогцолбор болон хөгжих бүрэн боломжтой.  


ХҮРЭХ ҮР ДҮН 

ҮТП-ийг 2024-2030 оны хооронд бүтээн байгуулж хөгжлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын болон Зүүн бүс, Хэнтий аймгийн нийгэм, эдийн засагт маш том нөлөөллийг бий болгоно.  

Нийт хөрөнгө оруулалт 

994.1 сая $ 

Жилийн борлуулалтын орлого 

560.24 сая $ 

Жилийн ашиг 

106.2 сая $ 

Жилд төлөх татвар 

80.14 сая $ 

Шинээр бий болох шууд/шууд бус ажлын байр 

2050/5100 

Монгол Улсын ДНБ /өсөлт/ 

2.9% 

Экспорт  /өсөлт/ 

3.4% 

Төсвийн орлого /өсөлт / 

2.4% 

Ядуурлын түвшин /буурна/ 

1.1 пункт 

Нэг хүнд ногдох ДНБ /өсөлт / 

2.9% 

Хүний хөгжлийн индекс /өсөлт / 

0.4% 

Бор-Өндөр ҮТП-ийг ашиглалтад оруулснаар жилдээ 467 сая ам.долларын нэмүү өртгийг бий болгон экспортыг нэмэгдүүлэх импортын зарим бүтээгдэхүүнийг орлох бодит үр дүн бий болно. 


ҮНДСЭН ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ  

Бор-Өндөр ҮТП-ийн үндсэн үйлдвэр нь Жонш баяжуулах үйлдвэр бөгөөд жилдээ 300 мян.тн хүдэр боловсруулж 80 мян.тн 97 хувийн агуулгатай жоншний баяжмалыг үйлдвэрлэх юм. Орчин үеийн технологи, хямд өртөг зардлаар баяжмал үйлдвэрлэснээр цаашид гүн боловсруулалт хийх фторт ус төрөгч (HF) үйлдвэрлэн химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх Бор-Өндөр ҮТП-ийн суурийг бэлдэх ач холбогдолтой.  

Энэхүү үйлдвэрийг Эрдэнэс Монгол ХХК нь өөрийн харъя болох Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ-тай хамтран бүтээн байгуулж одоогийн олборлож буй жоншны хүдрийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, өртөг зардлыг бууруулахаар зорьж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 32.6 тэрбум төгрөг буюу 9 сая ам.доллар гэж тооцогдож буй бөгөөд Эрдэнэс Монгол ХХК нь нэгдлийн дотоод хөрөнгийн зохион байгуулалт болоод бусад төслийн санхүүжилтийн хувилбаруудтай хамтатган санхүүжилтийг шийдвэрлэнэ. Уг төслийн бүтээн байгуулалт 2026 онд эхлэн 2027 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.  


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ 

ҮТП-ийн нийт хөрөнгө оруулалт нь 994 сая ам.доллар бөгөөд үүний 115.8 сая ам.доллар буюу 11.5%-д Эрдэнэс Монгол ХХК оролцох бол үлдсэн 88.5%-ийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч нар хийх юм.  

Төслийн явц, хэрэгжилт 

  • 2023- Төмрийн хорголжийн үйлдвэрийн ТЭЗҮ батлагдсан, 

  • 2024- ҮТП-ийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан.  

  • 2024- Хэнтий аймгийн ИТХ-р ҮТП байгуулахыг дэмжсэн  

  • 2024- Байршил тодорхойлж, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг ЗГ-т гаргасан. 

  • 2025- Төмрийн хорголжийн үйлдвэр БОННҮ батлагдсан, 

  • 2025- Төмрийн хорголжийн үйлдвэр ТТҮ батлагдсан, 

  • 2025- Хөгжлийн төлөвлөгөөг АҮЭБЯ-ны мэргэжлийн зөвлөлөлөөр батлуулсан. 

  • 2025- Аймгийн ИТХ-р газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжсэн 

  • 2025- Жонш баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулсан.  

Одоогийн байдлаар ҮТП-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах нөхцөл шаардлагыг бүрэн хангасан тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд 2025 оны 3-р улиралд тусгай зөвшөөрлийг ЗГ-с авах хүлээлттэй байна. Мөн түүнчлэн паркийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлт Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байна. Ингэснээр цаашид дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлт, зураг төсөл хийх, бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломж бүрдэх юм. 2026 онд ҮТП-ийн дэд бүтэц болоод Жонш баяжуулах үйлдвэр, Шивээ-Овоо ЦС, төмрийн хорголжийн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэн 2028 онд ашиглалтад оруулна. Нийт ҮТП-ийн хүрээнд баригдах 18 үйлдвэрийг 2030 гэхэд бусад ҮТП-ийн төслүүдтэй уялдуулан үе шаттай ашиглалтад оруулахаар паркийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан байна.



ТОО БАРИМТ

994.1

Хөрөнгө Оруулалт

12

Үндсэн Үйлдвэрлэлийн Бүтээгдэхүүн

2050

Ажлын Байр

Зургийн цомог

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8, Алтай бьюлдинг, 4 давхар

Холбоо барих

+976-7588-3399

Info@erdenesitp.mn

Дагах

  • Facebook
  • Youtube
  • X
  • Linkedin

© 2035 by Erdenes ITP Powered and secured by Wix

bottom of page