

Багануур ҮТП
“Багануур ҮТП”-ийн хүрээнд хагас кокс, нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэр, устөрөгчийн үйлдвэр болон бусад боловсруулах үйлдвэрүүдийг кластер байдлаар 2025-2035 оны хороонд байгуулахаар төлөвлөсөн ба хагас кокс, ахуйн хэрэглээний утаагүй түлш, кальцийн карбид, аммиак, аммонийн нитрат, автобензин, дизель түлш зэргийг үйлдвэрлэнэ.

БАГАНУУР ҮТП “НҮҮРС-ХИМИЙН ЦОГЦОЛБОР”
ҮНДЭСЛЭЛ, АЧ ХОЛБОГДОЛ
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын Хараа 2050” Зорилт 4.2-т Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно гэж тусгасан ба энэ хүрээнд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлсэн байна” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлт хэсэгт “3.2.Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ” гэж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ийн “3.7.24.Багануур хотод хүнд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ” гэж, Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 МЕГА төслийн 9-т “Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборыг ашиглалтад оруулна.” гэж 3.3.1.5-д “Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах Нүүрс-химийн цогцолбор үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна” гэж тус тус заасан.
Иймд дээрх Монгол Улсын хөгжлийн урт, дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдэд туссан зорилтууд болоод Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэнэс Монгол ХХК-ийн зүгээс Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутагт Нүүрс-химийн цогцолбор үйлдвэрүүдийг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар хөгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү Нүүрс-химийн үйлдвэрийн цогцолбор нь хүрэн нүүрсийг боловсруулж хагас кокс буюу хөх нүүрс, түлш, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн суурь болохоос гадна Улаанбаатар хотод тулгараад буй агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын хүрэн нүүрсний томоохон сав газрын нэг Нялга-Чойрын сав газар нь 7 тэрбум орчим тн хүрэн нүүрсний нөөцтэй гэж тооцогддог бөгөөд ҮТП байгуулах Багануурын орд нь 778 сая тн нүүрсний нөөцтэй байна. Монгол Улс нь өнөөгийн байдлаар хүрэн нүүрсийг эрчим хүчний чиглэлээр ашиглаж байгаагаас бусдаар гүн боловсруулалт хийж нэмүү өртөг шингээсэн туршлага байхгүй бөгөөд Монгол улсын хэмжээнд 21 тэрбум тн хүрэн нүүрс эдийн засгийн эргэлтэд ороогүй байна. Цаашид нүүрс-химийн салбарыг хөгжүүлэн ҮТП-ийг байгуулснаар хүрэн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэнийг өсгөх, үр ашигтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон гадны зах зээлийн хангах эдийн засгийн томоохон нөлөөллийг бий болгох боломжтой.
ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ
Нүүрс-химийн цогцолбор “Багануур ҮТП”-ийн хүрээнд хагас кокс, нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэр, устөрөгчийн үйлдвэр болон бусад боловсруулах үйлдвэрүүдийг кластер байдлаар 2025-2035 оны хороонд байгуулахаар төлөвлөсөн ба хагас кокс, ахуйн хэрэглээний утаагүй түлш, кальцийн карбид, аммиак, аммонийн нитрат, автобензин, дизель түлш зэрэг хүрэн нүүрснээс гарган авч болох бүхий л түүхий эд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх химийн үйлдвэрлэлийн суурь болох үйлдвэрлэл технологийн анхны паркийг байгуулахаар зорин ажиллаж байна.
ҮТП-ийн хөгжлийн эхний үе шатанд буюу 2025-2029 онд цахилгаан станц (660МВт), нүүрс-пиролиз, нүүрс-химийн болон устөрөгчийн үйлдвэрүүдийг бүтээн байгуулж ашиглалтад оруулах бол 2-р үе шат буюу 2029-2032 оны хооронд ҮТП-ийн дагалдах, бусад үйлдвэрүүд, кальцийн карбид, хийжүүлэлт болон дайвар бүтээгдэхүүнд суурилсан химийн үйлдвэрүүдийг бүтээн байгуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг хангахаас гадна эрчим хүч, усны хангамж, дэд бүтцийг бүрдүүлснээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх нөхцөл, боломжийг нь бүрдүүлж өгөх юм.
Урьдчилсан тооцооллоор дээрх үйлдвэрүүд жилд 650 мянган тонн хагас кокс буюу хөх нүүрс, 500 мянган тонн шатахуун, 432,0 сая.м3/жил нийлэг байгалийн хий, 275 мянган тонн төмөр, хөнгөн цагааны хайлш зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх боломжтой.
Нүүрс-Химийн цогцолбор “Багануур ҮТП” бүтээн байгуулах ажлын хүрээнд ЗГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах асуудлыг хэлэлцүүлж, “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаар тогтоолоор Хүрэн нүүрсийг нам температурт боловсруулан түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдэл, дэгдэмхий бодисыг бууруулах, утаа багатай хөх нүүрс үйлдвэрлэх Багануурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулах “Нүүрс-пиролизын үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлэх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр тогтсон.
Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ҮТП-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцүүлэн, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай” Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25/30 дугаар тогтоолыг батлуулж, МУ-ын Засгийн газрын хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” асуудлыг хэлэлцүүлэн ЗГ-ын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 139 дугаар тогтоолоор ҮТП-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай 636 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.
ХҮРЭХ ҮР ДҮН
Нүүрс-Химийн цогцолбор “Багануур ҮТП” ашиглалтад орсноор 2000 орчим ажиллах хүч шаардлагатай ба нийт хөрөнгө оруулалт 4.7 тэрбум доллар болно.
Нүүрс-пиролизын үйлдвэрийн хувьд борлуулалтын орлого жилд дунджаар 73.7 сая доллар, татварт 3.03 сая орчим доллар төлж, цэвэр ашиг дунджаар 9.9 сая доллар болох ба хөрөнгө оруулалтаа 10-11 жилийн хугацаанд нөхнө гэж урьдчилсан байдлаар тооцож байна.
Нийт хөрөнгө оруулалт | 4160 сая $ |
Жилийн борлуулалтын орлого | 1255.5 сая $ |
Жилийн ашиг | 213.4 сая $ |
Жилд төлөх татвар | 188.2 сая $ |
